Мод ба бетон нь шинж чанарын хувьд хоорондоо эрс тэс ялгаатай барилгын материалууд билээ. Тэдгээр нь өөр өөрийн давуу болон дутагдалтай талуудтай. Сүүлийн үед харин энэхүү хоёр материалын хослол хүмүүсийн анхаарлыг маш ихээр татах болсон байна.
Зураг 1. Мод-бетон композит материалын туршилт
Швейцарийн барилгын материалын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид модонбетон гарган авсан байна. Гэвч энэхүү материал нь шинэ биш ажээ. 1930-д оны үед барилгын хөнгөн материалыг модны хаягдал түүхий эд, цемент ашиглан гарган авах патент гарсан байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед цемент ховордсон учраас модонбетоныг барилгад ашиглаж байсан байна. Гэхдээ даацын элемент гарган авч чадаагүй байна.
Сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал гарган авах чиглэлээр олон судалгааны ажил хийгдсэний нэг нь модонбетон материал байна. 200-2010 онд ХБНГУ-ын Мюнхений их сургуулийн эрдэмтэд барилгын фасад, дотоод заслын ажилд хэрэглэх өнгө үзэмж сайтай, бат бөх эдэлгээтэй модонбетон эдлэл гарган авах судалгааны ажил гүйцэтгэсэн байна.
Зураг 2. Барилгын фасад болон дотор заслын модонбетон эдлэл
Ингэхдээ модон материалын уур шингээх чадвар, бетоны дуу чимээ тусгаарлах шинж чанарыг хослуулсан байна. Модонбетон гарган авахын тулд зөвхөн урьдчилан жижиглэсэн мод болон цемент ашигласан байна.
Харин Швейцарийн үндэсний “Мод-нөөц” төслийн хүрээнд модонбетонон даацын элемент гарган авсанаар модонбетон барилга барих боломжтой бүрджээ. Өөрөөр хэлбэл ердийн бетоны дүүргэгч материал буюу элс, хайрганы оронд жижиглэсэн мод ашигласан байна.
Зураг 3. Модны зоргодос
Судлаачид янз бүрийн орц найрлагаар туршилт хийсэн бөгөөд эдгээр нь ердийн бетоны жинтэй харьцуулахад 2 дахин хөнгөн байсан байна. Хамгийн хөнгөн бетоны найрлаганд 50% хүртэл мод орсон бөгөөд модонбетон нь маш хөнгөн байсан тул усан дээр хөвж байсан байна.
Үүний зэрэгцээ модонбетон нь дулааныг маш сайн тусгаарладаг, газар хөдлөлтөнд тэсвэртэй, ердийн бетонтой харьцуулахад галд тэсвэртэй, дуу тусгаарлалт өндөртэй, цаг уурын нөхцөлд тэсвэртэй, хөлдөөлт гэсгээлтийн мөчлөг өндөртэй, дахин боловсруулах боломжтой зэрэг олон давуу талуудтай байна.
Байгаль орчны талаасаа ч гэсэн мод нь элс, хайргатай харьцуулахад нөхөн сэргээгддэг материал тул экобүтээгдэхүүн юм. Мөн модны үйлдвэрүүдийн хаягдал, модон барилгын материалын хаягдал зэрэг хоёрдогч түүхий эдийг ашигладаг нь бас нэг давуу тал болжээ.
Модны гадаргуу нь барзгар байх тусмаа цементтэй сайн барьцалддаг байна. Мөн түүнчлэн давирхайлаг буюу шилмүүст мод нь бас сайн барьцалддаг аж. Модонбетоноор дээврийн хавтан, дотор даацын хана зэргийг үйлдвэрлэх боломжтой байна. ХБНГУ-ын Берлиний техникийн их сургуулийн эрдэмтэд Мод-бетоны хосолмол дээврийн элемент гарган авсан байна.
Зураг 4. Мод-бетоны нийлмэл материал
Энэхүү материалыг наалтын нойтон технологийг ашиглан гарган авсан байна. Уг технологийн онцлог нь нойтон цавуутай модон дээр бетон зуурмагийг цутган дээврийн элементийг гарган авахад оршино. Ингэж гарган авсан мод-бетон тааз нь даац сайтай, гулзайлтын бат бэх өндөртэйн дээр бетонон дээвэртэй харьцуулахад олон тооны тусгай шруп хэмнэдэг байна.
Зураг 5. Мод-бетон дээврийн элемент
Ердийн бетонон эдлэлтэй харьцуулахад бетоны хэрэглээг гуравны хоёроор, ган туйвангийн хэрэглээг 80% хүртэл бууруулдаг ажээ. Ингэснээр бетон эдлэл гарган авахад зарцуулагддаг хүлэмжийн хий CO2-ийн хэмжээг мөн гуравны хоёр хүртэл буруулна.
Зураг 6. Мод-бетон нийлмэл материал
Г.Саран, ШУТИС-ийн Материал судлалын төвийн захирал,доктор (Ph.D), дэд профессор
Р.Долгоржав, ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийнХИС-ын багш, МУ-ын мэргэшсэн инженер