Барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр зэрэг бүтээн байгуулалтын салбарыг нэгтгэсэн “Build Mongolia 2022” үзэсгэлэнг “Степпе-Арена- Мөсөн өргөө”-д нээлээ.
"Build Mongolia 2022" нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй дэд бүтэц, барилга бүтээн байгуулалтын салбарыг нэгэн дээвэр дор багтаасан техник технологийн үзэсгэлэн юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй үзэсгэлэнд 100 гаруй байгууллага аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Тухайлбал, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион байгуулалт, үйлдвэрлэл, тоноглолын салбарт 12 жилийн туршлагатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж буй “Багануур цахилгаан механикийн үйлдвэр” ХХК, барилгын салбарт орчин үеийн технологийн шийдэл бүхий тоног төхөөрөмжөөс гадна 1,345м төмөр зам, өндөр даацын гүүрэн кран, хагас автомат хэмжилттэй чанар хяналтын лаборатори, технологийн харилцан уялдаа хангасан баазтай, бүтээгдэхүүнийг стандартын дагуу хямд өртгөөр хэрэглэгчдэд нийлүүлж буй "Улаанбаатар БҮК" ХК үйлчилгээгээ сонирхуулж байлаа.
Түүнчлэн, уул уурхайн салбарын томоохон төлөөлөл, үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Батсээр” ХХК болон “Im Tranding” LLC, зам, дэд бүтэц, тээврийн салбараас Bitumina, MN Line LLC, Шүрэн Элс ХХК зэрэг томоохон байгууллага оролцож байна.