Амины орон сууцны эрчим хүчний хэрэглээг бууруулах аргачлал




Ногоон барилгын технологи нь байгалийн нөөцийг үр ашигтай тогтвортой хэрэглэх аргачлал юм. Дээрх нөөцүүдийн дунд хамгийн өртөг өндөртэй дулаан болон цахилгаан эрчим хүчийг хамгийн хэмнэлттэйгээр төлөвлөх боломжийг олгодог аргачлал бол пассив барилгын стандарт юм. 

Дараах хоёр төрлийн сууцыг харьцуулах байдлаар эрчим хүчний зарцуулалтын хэмжээг тодорхойлж үзье.

А сууц-  Нийтлэг баригддаг сууц-10 см полистирол дулаалгатай, МАК блокон ханатай, 10см шилэн хөвөн дулаалгатай модон шувуун нуруун дээвэртэй

Б сууц- ”Ногоон сууц” хотхоны амины сууц

Зураг 1. Эрчим хүчний зарцуулалтын хэмжээ А болон Б сууц

Дээрх хоёр амины сууцны хэрэглэх эрчим хүчний хэрэглээг 1жил буюу 52 долоо хоногийн хугацаанд тооцож үзэхэд нийт А сууцны хувьд 305,3кВц/м2жил харин Б сууцны хувьд 20 дахин багабуюу 15кВц/м2жил гэсэн үр дүн гарлаа. Энэ нь А барилгын сарын зардал 600,000төг гардаг бол Б барилгын хувьд 30,000 төг гэж ойлгож болох юм.

Тэгэхээр энэ үр дүнд хэрхэнхүрэх аргачлал технологийн талаар тайлбарлая. Манайх шиг цаг уурын хүйтэн бүсэд хамаарагддаг нутагт баригдаж буй барилгын эрчим хүчний нийт хэрэглээний 80-85%-г халаалтын зардал эзэлдэг тулдулааны эрчим хүчийг хэмнэх нь барилгын эрчим хүчний хэрэглээг том дүнгээр багасгах гол шийдэл юм.

Өрөөнд хүний тавтай нөхцөл буюу +20C0 температуртай орчныг бүрдүүлэх үүднээс барилгыг халааж өгдөг бөгөөд халаалтын хэрэгцээт хэмжээг барилгын алдаж буй  болон хуримтлуулж буй эрчим хүчний зөрүүгээр тодорхойлдог. Үүнд:

Алдагдал: Гадна хана, дээвэр, шал, цонх, дулааны гүүр (даацын буруу хийцлэл), агаар сэлгэлт гэсэн хэсгүүдээр дулаанаа гадагшлуулж байдаг.

Хуримтлуулалт: Нарны элч, үйл ажиллагаанаас үүсэх дулаан, халаалт гэсэн эх үүсвэрээс алдагдаж буй дулааныг нөхөж өгснөөр тэнцвэржиж байдаг байна.                                                                                                                                                                                                                                                                      

Зураг 2. Халаалтын эрчим хүчний балансын диаграмм

А ба Б сууцанд хийсэн Халаалтын эрчим хүчний балансыг шинжилж үзэхэд А барилгын алдагдал өндөр байгаа учир халаалтын ачаалал өндөр буюу 304.6 кВц/ж гарсан байна. Харин Б сууцны хувьдалдагдаж буй дулаан маш бага байгаа бөгөөд нөхөж өгөх дулааны 60 орчим хувийг нарнаас авч байна. Б сууцанд 60 ваттын ламп 5-г асаагаад дулаахан өвөлжиж болохуйц маш бага халаалтын ачаалалтай байна.

Барилгын нийт эрчим хүчний хэрэглээний 85%-г эзэлдэг халаалтын эрчим хүчийг 20 дахин бууруулснаар дэд бүтцийн нүсэр эх үүсвэр шаардлагагүй болох тул дэд бүтэц хөгжөөгүй нутагдэвсгэрт бага өртөгөөр байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэлгүй тухтай амьдрах боломжтойг дээрх тооцооллоос харж болно.

20 дахин дулааны эрчим хүчний хэмнэлт үүсгэнэ гэдэг танд үнэмшилгүй сонсогдож болох юм. Гэвч дараах 5 аргачлал, технологийг хэрэгжүүлснээр дулааны эрчим хүчний хэрэглээг 95% буюу 20 дахин бууруулах бүрэн боломжтой. Үүнд:

  1. Нарны ээвэрлэлт буюу нарны радиацийг цонхоороо бүрэн хүлээн авах
  2. Дулаан хаших хийц буюу барилгын хаших хийцийн битүүмжлэл болон дулаан тусгаарлалтыг сайжруулах
  3. Өндөр чанарын цонх буюу дулаан алдагдал маш бага, сайжруулсан цонх хэрэглэх
  4. Дулаан солилцууртай агааржуулалт буюу бохирдсон агаарын дулааныг ашиглан гаднаас орж ирж буй цэвэр хүйтэн агаарыг халааж мөн 3 төрлийн шүүлтүүрээр шүүж оруулах
  5. Дулааны гүүргүй төлөвлөлт буюу даацын хийц элементийг гадна орчинтой шууд харьцахгүй дулаалгын материалын дотор байхаар төлөвлөх

Нарны ээвэрлэлт 11%

Та өөрийн сууцны цонхыг нар хамгийн их тусаж байдаг өмнө зүг рүү харуулж төлөвлөснөөр 11% дулааны эрчим хүчээ хэмнэж чадах буюу 11%  бага нүүрс түлнэ гэсэн үг юм.

Хэдэн арван тэр бумаар биш зүгээр л байшингаа зөв төлөвлөснөөр бидний өвөл болгоны эмзэг сэдэв болох Улаанбаатарын утааг 11% бууруулах боломжтой байна.

Зураг 4. Дулаан алдагдал, нарны цацаргын дулаан хуримтлуулалтын харьцуулалт 
 

Цонхоор авч буй нарны радиаци болон дулааны алдагдлыг тооцож үзэхэд А барилгын хувьд

цонхыг бүх талд тараан төлөвлөсөн болон хаалт сүүдрэвчтэй төлөвлөсөн тул алдаж буй дулааны хэмжээ хуримтлуулж буй дулааны хэмжээнээс 2 дахин их байна.

Харин Б барилгын хувьд хамгийн элч өндөртэй зүг буюу урд зүгт цонхыг төлөвлөсөн болон зун ба өвлийн нарны тусах байдлыг зөв төлөвлөж өгснөөр хуримтлуулж буй дулааны хэмжээ нь алдагдлаас 1.7дахин их бөгөөд зуны улиралд хэт халалт үүсэхгүйгээр төлөвлөсөн байгаа нь харагдаж байна.

Дулаан гүүргүй төлөвлөлт 8 %

Барилгын даацыг авч буйбетон, арматур, ган, мод зэрэг нягт ихтэй элементүүд нь барилгын гадна орчинг дотор орчинтой шууд холбож байвал тухайн элементүүдээр дулаан ихээр дамжих бөгөөд үүнийг дулааны гүүр гэж нэрлэдэг.

Зураг 5. Дулааны гүүрийн тооцоолол, дулаан дамжилтын схем
Сонгосон хоёр барилга дээр дулааны гүүрний тооцоолол хийж үзэхэд А барилгын хувьд барилгачдын нийтлэг гаргадаг алдаа болох бетон суурь болон бетон шалны уулзвараар 6.26 В/мК буюу маш их эрчим хүч дамжиж байна. 2-р давхрын бетон хучилт шууд балконы хучилттай шууд залгаа төлөвлөсөн байна. Хучилтаар дамжих дулаан 4.86 В/мК буюу мөн л их эрчим хүч дамжиж байна.

Б барилгын хувьд бетон суурь ба бетон шалыг дулаалгаар салгаж төлөвлөсөн тул эрчим хүчний урсгал 6 дахин бага байна. Мөн хучилт ба саравчны хийцлэлийг дулаалгаар тусгаарлаж төлөвлөсөн тул эрчим хүчний урсгал тухайн хэсэг дээр маш бага харин цонхны рамаар илүү алдаж байгааг харж байна. 

Ямар нэгэн нэмэлт материал, мөнгө зарцуулалгүй, барилгын хийцлэлээ зөв төлөвлөснөөр 24.2 кВц/м2жил буюу 8% -ийн хэмнэлт таны халаасанд үлдэж байна. 

Дулаан хаших хийц 24 %

Халаалтын эрчим хүчний зарцуулалт болон хэмнэлтийн тухай дурдахад хамгийн ихээр яригддаг шийдэл бол дулаалга билээ. Барилгын хаших хийцийн дулаан алдагдал бага байна гэдэг нь шувууны хоёр далавч шиг дараах хоёр элементээс бүрдэнэ. Нэгт дулаалгын материалын дулаан тусгаарлах чанар буюу энгийнээр тайлбарлавал зузаан дулаалга, хоёрт агаарын битүүмжлэл юм. Хэдийгээр маш зузаан дулаалга хэрэглэсэн ч агаарын битүүмжлэлийн хувьд муу байвал тухайн зай завсраар бий болгосон дулаан маань сийгээд л алга болох болно. 

Зураг 6. Хаших хийцийн дулаан дамжуулалтын диаграмм

10см EPS дулаалгатай А барилгаас 65см эрдэс хөвөн дулаалгатай, дулаалгын дотор талаар улаанаар тасралтгүй төлөвлөсөн битүүмжлэлийн хальстай Б барилгын нэг метр квадрат талбайд оногдох дулааны эрчим хүчний зарцуулалт 73.8 кВц/м2жил хэмжээгээр буурсан буюу 24% том хэмнэлтийг бий болгож байна. Үүнээс дүгнэхэд барилгаа сайн дулаалахад утааг 24% бууруулах бүрэн боломжтой харагдаж байна. 

Өндөр чанарын цонх 34 %

А барилгын хувьд цонх нь 3В/мК буюу хоёр давхар шилэлгээтэй хуванцар хүрээтэй цонхны талбай барилгын хаших хийцийн талбайн 6 орчим хувийг эзэлдэг боловч дулаан алдагдлын 40%-ийг эзэлж байна. 

1. Хоёр давхар шилтэй

 

Тиймээс цонхны дулаан алдагдлыг бууруулахын тулд гурван давхар шилэлгээтэй гадна болон дотор шилэлгээнд Low E түрхлэг түрхэж, шилэлгээний хооронд аргон хийгээр дүүргэж,дулаан алдагдал багатай модон хүрээ сонгож цонхыг зөв байршуулж төлөвлөснөөр дээрх таван шийдлүүдийн дунд эрчим хүчний хамгийн их хэмнэлт болох 34% буюу 104.1 кВц/м2 жил байна. Энэ цонхны дулаан алдагдал 0.6 В/мК байна. 

Өөрийн сууцандаа цонхсонгохдоо үйлдвэрлэгчээс дараах зүйлсийг тодруулж байхыг зөвлөж байна. Үүнд:

  1. Шилний дулаан алдагдлын утга хэд вэ? (0.6 – 1.2 В/мК хооронд байвал сайн)
  2. Хүрээ рамын дулаан алдагдлын утга хэд вэ? (0.8 – 1.4 В/мК хооронд байвал сайн)

2. Гурван давхар шилтэй 

  

 

Зураг 7. Цонхны дулаан алдагдлын хэмжилт 

Дулаан солилцууртай агааржуулалт 18 %  

Амины сууцанд агааржуулалтын ердийн систем төлөвлөдөг. 

Энэ нь өвлийн улиралд хүйтэн эсвэл утаанаас болоод цонхоо онгойлгодоггүй улмаас агаар сэлгэлт бараг явагддаггүй. Үүний үр дагавраас болж эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас агаар сэлгэлтээ хэвийн түвшинд хүргэхийн тулд цонхоо цаг тутамд онгойлгох нь дээрх орж ирсэн хүйтэн агаарыг халаахын тулд илүү их эрчим хүч зарцуулах шаардлага тулгардаг.


Хамтрагч байгууллагууд