Полимербетон буюу минералит




Бид бүхний мэддэг уламжлалт бетон нь дүүргэгч ба барьцалдуулагч материалаас бүрддэг бөгөөд усаар зуурсаны дараа бэхждэг. Барьцалдуулагч материал нь ихэнхдээ цемент бол дүүргэгч нь хайрга, дайрга болон нарийн шихэгтэй элс байдаг. Харин полимербетон буюу минералитийн хувьд барьцалдуулагч нь нийлэг нэгдлүүд жишээнь эпоксидын давирхай, ханаагүй полиэфирийн давирхай, полиуретанууд зэрэг байна. Барьцалдуулагчийг хуурай массын 5-15%-д авах бөгөөд урвалыг идэвхижүүлэх бодис нэмж өгсөнөөр давирхайн полимеризацийн урвал явагдаж барьцалддаг байна.

Зураг 1. Полимербетоны хэрэглээ

Мэргэжлийн хүрээнд полимербетоныг (өндөр барилгад хэрэглэдэг) эрдэсийг цутган гарган авсан эрдэс бетон (ихэнхдээ тоног төхөөрөмжийн суурь, тавиурт хэрэглэдэг), урвалын идэвхит давирхайт бетон зэргээр нэрлэдэг.

Зураг 2. Эрдэс бетоны үндсэн түүхий эд кварцын элс

Полимербетоныг олон арван жил хэрэглэж байгаа боловч түүний хэрэглээ нь зөвхөн цөөн тооны тусгай тохиолдолоор хязгаарлагдаж байна. Полимербетоныг дараах салбаруудад ашиглаж байна. Үүнд:

Цэцэрлэг, чөлөөт цаг ба хобби:

-      Цэцэрлэг, паркийн сандал ширээ, тоглоом, ургамлын сав г.м.

-      Чанга яригчийн гэр г.мт

Зураг 3. Паркийн полимербетон эдлэлүүд

Барилгынсалбарт:

-      Кабелийн суваг, гэрэлтүүлгийн суурь г.м.

-      Фассад, цонхны тавиур, шатны гишгүүр г.м. 

Зураг 4. Барилгын полимербетон эдлэлүүд

 

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд:

-      Токарийн машины суурь, центрифугийн тавиур г.м.

-      Ширээний тавцан, насосны хөвөө, суурийн хавтан г.м.

Зураг 5. Тоног төхөөрөмжийн суурь, полимербетон тавцан

Полимербетоны барьцалдуулагч нь хүйтнээр бэхэждэг урвалын идэвхтэй давирхай  байдаг бол дүүргэгч нь нэг бол цэвэр байгалийн гаралтай эрдэсүүд жишээ нь шохойн чулуу, шохой, кварцын нунтагэсвэл кварцын элс, базальт болон нөгөө талаас нийлэгжүүлэн гарган авсан материал болох корунд, карбид, нунтаг шил, полиен утас, ган- болон нүүрстөрөгчийн уттсархаг, шөрмөслөг материал зэрэг байна.

Полимербетон нь элэгдэлд тэсвэртэй, хөлдөөлт ба гэсгээлтийн мөчлөг өндөртэй, хэт ягаан туяанд тэсвэртэйн дээр ус нэвтрүүлдэггүй, эсэргүүцэл өндөртэй материал юм. Полимербетоны гол давуу талуудад ердийн бетонтой харьцуулахад жин багатай, хатуулаг өндөртэй, суналт ба гулзайлтын бат бэх өндөртэй, химийн бодист тэсвэртэй зэрэг багтана. Мөн үүний зэрэгцээ температурын хэлбэлзэл даах чадвартай, хэв гажилтанд бага ордог, хөлддөггүй төдийгүй галд шатдаггүй зэрэг шинж чанарууд орно.

Дутагдалтай тал нь гэвэл ердийн бетонтой харьцуулахад барьцалдуулагчаар нийлэг материал ашигладаг тул өртөг өндөртэй, хүнд даацын эдлэл гарган авахад хүндрэлтэй, мөн цохилтын тэсвэрлэлт багатай зэрэг орно.

ХБНГУ-ын Минералит ба Эрдэсбетон цутгах Лааге ХХК нь эрдэсбетон буюу полимербетоны тусгай найрлагуудыг гарган авдаг байна. Жишээ нь 94%-ийн байгалийн цэвэр эрдэс дүүргэгч, нэмэлт материал, будаг болон акрил дээр суурилсан давирхайн байрьцалдуулагчтай найрлага гарган авсан байна.

Зураг 6. Полимербетон хоолой болон

Энэхүү материал нь шинж чанарын хувьд сайн байгаад зогсохгүй мөн хүрээлэн буй орчинд ээлтэй материал юм. Өөрөөр хэлбэл механик шинж чанар сайтай үрэлт , элэгдэлтэнд тэсвэртэй тул удаан хугацаанд ашиглах боломжтой мөн дахин боловсруулан ашиглахад ямар ч нэмэлт материал, илүү ажиллагаа шаардлагагүй. Зөвхөн нунтаглаад дахин үйлдвэрлэлийн технологийн процесст оруулах боломжтой ногоон бүтээгдэхүүн юм.

Зураг 7. Эпоксидийн давирхайгаар барьцалдуулсан полимербетон

Полимербетоны давирхайн хэмжээ, дүүргэгч материалын ширхэглэлийн бүрэлдэхүүнийг өөрчилснөөр тухайн бетоны шинж чанарыг үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн маш нарийн тохируулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл бетоны найрлагыг өөрчлөн бетоны механик болон оптик шинж чанарыг сайжруулах, даацын элементэд ашиглах, гадаргууг нь толигор болгох жишээ нь өндөр барилгын ус зайлуулах хоолой нь богино хугацаанд их ус зайлуулах чадвартай байх ёстой бол машин тоног төхөөрөмжийн суурь нь гулсахгүй, бат бөх байх шаардлагыг хангах ёстой.

Сүүлийн жилүүдэд полимербетоны шинж чанарыг сайжруулах ажлууд нэлээд хийгдсэний үндсэн дээр барилгын тагт хийхэд ашиглаж эхэлсэн байна.

Зураг 8. Полимербетон тагт

Ердийн бетонтой харьцуулахад полимербетон нь хөнгөн жинтэй тул угсралтын ажлыг хөнгөвчилөөд зогсохгүй гулзайлтын бат бэх өндөртэй тул илүү том хэмжээтэй барих боломж бүрдсэн байна. Мэдээж хэрэг барилгын тагтанд ашиглахад төмөр бетон бүтээц эдлэлийн адил ган арматур ашиглана.

 

 Г.Саран, ШУТИС-ийн Материал судлалын төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор

Р.Долгоржав, ШУТИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн ХИС-ын багш, МУ-ын мэргэшсэн инженер


 


Хамтрагч байгууллагууд