“Barilga Expo 2022” үзэсгэлэн, яармаг




Барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын бүтээгдэхүүн, дэвшилтэт техник, технологи, хаус болон шинэ орон сууцны шилдэг төслийг танилцуулдаг “Barilga Expo 2022” үзэсгэлэн, яармаг нээлтээ хийлээ .

15 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн яармаг нь барилгын материал, дэвшилтэт технологи чиглэлээр энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 1-нд, Шинэ орон сууц, хаус дизайн чиглэлээр тавдугаар сарын 6-8-нд “Мишээл экспо” төвд зохион байгуулагдаж байна.

"Барилгын материал, дэвшилтэт технологийн үзэсгэлэн, яармагаас барилгын салбарт хамгийн сүүлийн үед нэвтэрсэн шинэ техник, технологи, албан ёсны дистрибьютер компаниуд, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, барилгын материалтай танилцана. Мөн барилга, байгууламжийн суурь тавихаас эхлээд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүхий хэрэгцээт мэдээллийг нэг дороос авах боломжтой. Түүнчлэн амины орон сууцаа барих гэж буй хувь хүн, иргэд барилгын зураг төсөл, төсөв, материалын сонголтын талаар мэргэжлийн зөвлөхөөр дамжуулан үнэгүй зөвлөгөө авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог" болохыг Барилга МН захирал Г.Батсүх нээлтийн үеэр тэмдэглэв.

Харин Шинэ орон сууц, хаус дизайн үзэсгэлэн, яармагаас ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой нийслэлд захиалга авч буй хаус, шинэ орон сууцны 60 орчим шилдэг төсөлтэй танилцан, амины орон сууцны хамгийн сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлийг сонирхож болно.

Түүнчлэн, үзэсгэлэн яармагийн үеэр БХБЯ-наас орон сууц, барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, БХТ-өөс барилгын нэгдсэн мэдээллийн систем, орон сууцны судалгаа мэдээлэл, эрэлт хэрэгцээ, НХБХГазар-аас хот төлөвлөлт, төрийн үйлчилгээ, Барилгачин группээс барилгын материалын ханган нийлүүлэлтийн ач холбогдол, Барилга МН-ээс барилгын материалын цахим худалдааны боломжууд сэдвээр илтгэл тавина. 

Үзэсгэлэн яармаг мөн barilgaexpo.mn сайтад цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Оролцогч байгууллагуудын цахим талбай руу зочилсноор үзэсгэлэнд танилцуулж буй материал, техник технологи, шинэ орон сууцны төслүүдтэй танилцах, хариуцсан ажилтантай холбогдох боломжтой. 

БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Барилга.мн, Монголын барилгын Үндэсний ассоциациас хамтран зохиож байгуулж буй тус үзэсгэлэн яармагт 100 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байнаа.

Харин үзэсгэлэн, яармагт оролцогч байгууллагуудаас орон сууц, хаусны төслүүдээ 20-45 хувиар хямдруулж, барилгын материал, тавилгын худалдаа 10-30 хувийн урамшуулал зарлалаа. Тодруулбал, Хан Ташгай Luxury Villa хотхон хаусны үнийн дүнгийн 20, “Дэлгэрэх арвин өргөө ХХК” 100 хувийн төлөлтөд 45 хувь, "Алтаргана" ХХК Хүлэг Резидэнс хотхондоо 30, “Номин Мишээл” ХХК 20 хүртэлх хувь, “Four Season Village” 10, “Sunny vista” орон сууц 15 хувийн хямдрал зарлажээ. 


Хамтрагч байгууллагууд